2011-03-21
экологи
1. Хөрс

Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь Улаанбаатар хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлох үндсэн гол байгалийн объект байдаг юм.

Хот орчмын гэр хороолол, автомашин, арьс шир боловсруулах жижиг үйлдвэр цех, төмрийн хог хаягдал авдаг газрууд огцом нэмэгдэж эдгээр эх үүсвэрээс гарсан техноген бохирдлууд хот орчмын хөрсөн бүрхэвчид шингэдэг.
- 2000 оноос хойш арьс шир боловсруулдаг жижиг үйлдвэрүүд олноор байгуулагдаж хүчтэй бохирдуулагч болох хром агуулсан хаягдлаа ил задгай хаях, анхан шатны боловсруулалт хийлгүйгээр үйлдвэрийн хаягдлыг цэвэрлэх зориулалтгүй хотын цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна.
Хотын захиргаа ийм 6 үйлдвэрийг хотоос гаргах шийдвэр гаргасан нь хаягдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлах талаар төрөөс ямар ч арга механизм хэрэглэх оролдлого хийгдээгүйгээс эдгээр нь манай улсын нутаг дэвсгэрийг цаашид ч бохирдуулсаар байх болно.
- Хөрс нь өөртөө хорт бодисыг шингээж задлах чадавхи нь хэтэрсэн тохиолдолд газрын доорхи болон гадаргын ус ургамал, амьд организмыг хордуулж эхэлдэг.
Тухайлбал, Судалт төвийн орчим хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-5 дахин их, Дэнжийн мянгын эх орчим цайр хүлцэх агууламжаас 8 дахин их байна.
Хайлаастын амны жалганд нянгын тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 1239 дахин их болоод байгаа нь шинжилгээгээр нотлогдоод байна. Гэр хорооллуудын орчимд бохирдолтын үндсэн үзүүлэлт болдог нянгын тоо хотын дунжаас 2 дахин их байгаа нь гадаргын хог хаягдлаас үндсэндээ шалтгаалж байна.
- Улаанбаатар хотын хог хаягдлын эх үүсвэрийг судлахад гэр хороолын орчимд (44%) байсан бөгөөд гэр хорооллын ил жорлон, муу усны нүхүүд хөрсний бохирдлын үндсэн эх булаг болдог байна.
- Дунд гол, Нарантуул, Амгалангийн гэр хороололтой хамгийн ойрхон худгуудын усны шүлтлэг, хуурай үлдэгдэл, кальци магнит, сульфат, хлорид нитрат зэрэг эрдэсжилтэй холбоотой үзүүлэлтүүд өсөх хандлагатай байгаа нь хөрсний гадаргын бохирдолтоос гадна гэр хорооллын муу ус, Сэлбийн голын сав газрын доорхи усны бохирдолтын нөлөөнөөс хамаарч байна гэсэн дүгнэлт хийгджээ.
- ШУА-ийн хүрээлэнгүүдийн хамтарсан судалгаагаар Чингэлтэй дүүргийн төвийн хэсгийн хөрсөн бүрхэвч нь үндсэндээ устаж алга болсон байна. Хүний үйл ажиллагааны улмаас хөрсний өнгөн хэсгийн үржил шимт ялзмагт давхарга нь үгүй болж ихэнхдээ хөрс үүсгэгч эх чулуулаг ил гарчээ. Хөрсөн бүрхэвч зулгарахад ургамлан нөмрөг ч бас устаж үгүй болдог. Судалгаанаас үзэхэд Чингэлтэй дүүргийн дэвсгэр нутгийн өнгөн хөрс хортой хүнд элементүүдээр нилээд хэмжээгээр бохирдсон байна. Энэ нь олон жилийн турш эрчим хүчний эх үүсвэртээ дан ганц чулуун нүүрс хэрэглэсэнтэй холбоотой. Тооцооноос үзэхэд Улаанбаатар хотын нүүрсний шаталтаас өдөрт 2.5-3 кг мөнгөн ус агаарт цацагдах боломжтой юм. Судалгаа дүүргийн хөрсөнд агуулагдах хар тугалга, цайр, хромын дундаж агууламж хүлцэх агууламжийн хэмжээтэй бараг ойролцоо байгаа нь эдгээр элементээр их хэмжээгээр бохирдсон байгааг харуулж байна.
- 2005 оны судлагаагаар Улаанбаатар хотын дэвсгэр нутгийн өнгөн хөрс хортой хүнд элементүүдээр нилээд хэмжээгээр бохирдсон байна. Хотын төв хэсэг, гэр хороолол, баруун талын дүүргүүдийн нутаг дэвсгэр нь бүхэлдээ хотын дэвсгэр агууламжаас 3-8 дахин их бохирдолттой байгаа юм.

Хөрсний ерөнхий бохирдолтын түвшин Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Шар хад, Хайлаастын ам, 100 айл зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байна.

Хар тугалга хотын хөрсөнд дэлхийн хөрсний дунджаас 2 дахин их, зарим газар 4.3 дахин их байгаа юм. Үүний үндсэн эх үүсвэр нь автомашины түлшнээс гаралтай.
- Түүнчлэн хөрсөнд шатах тослох материал болон нефть бүтээгдхүүн их хэмжээгээр удаан хугацааны туршид алдагдаж, хөрсний ялзмагт бодисын хэмжээ багасч хар тугалганы хэмжээ нэмэгдсэнээр ургамлын өсөлт хөгжилт зогсон, ургамал болон бичил биет устаж үгүй болдог. ШТС болон моторын тос түгээгүүрийн ойролцоох нийт 12 дээжийг судлан үзэхэд нефть бүтээгдхүүний агуулга харьцангуй их байжээ.

2. Ус

Сүүлийн жилүүдэд хүн ам төвлөрсөн суурин газруудаас гарч байгаа ахуйн болон үйлдвэрийн бохир ус нь ус, хөрсийг бохирдуулан улмаар ууршин агаар мандалд бохирдлыг үүсгэн хөрс усаар дамжин хүрээлэн буй орчныг бохирдолтыг нэмэгдүүлсээр байна.
- Улсын хэмжээнд 100 гаруй бохир ус цэвэрлэх зориулалттай байгууламж байгаа боловч бүрэн ажиллагаа байхгүй, жилд олон сая шоо метр бохир усыг ус, хөрсөнд хаяж байгаагийн зэрэгцээ нийслэл УБ хотод жилд 120 гаруй сая шоо метр бохир усыг Туул гол түүний цутгал гол горхи, хөрсөнд хаяснаар Туул голын хамгийн бохир гол болж, бохирдолтын ангилалаар “маш бохир” ангилалд хамрагдан усны бохирдол 4-10 дахин нэмэгдсэн байна.
- Химийн хорт бодис, хог хаягдал бохир уснаас байгалийн ус, хөрс бохирдсоор байна.1297 үйлдвэр аж ахуйн нэгж 7276 төрлийн 3774.8тонн химийн бодисыг хэрэглэж, жил бүр агаарт 68, усанд 790, хөрсөнд 602 төрлийн 50тонн химийн бодис хаягдаж, нийслэлд 560 тонн хатуу хог хаягдлаар ус, хөрс бохирдож, халдварт өвчлөлийн хэмжээ өсөн нэмэгдсээр” үндэсний аюулгүй байдалд” нөлөөлөх хандлагатай байхад НИТХ ямар нэгэн арга хэмжээ авахгүй , байгаль орчны төлөв байдлын тайланг нэг ч удаа хэлэлцэхгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахгүй “эцэг хуулиа” зөрчсөөр байна.
- Нийслэлийн эргэн тойрон байсан 20 орчим рашаан ус бохирдож, устан алга боллоо. Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөгөөр бүхэл бүтэн гол горхи бохирдон тасалдаж “мөнгөн усаар” алт баяжуулан аймшигт хор хөнөөлд автагдсаар байна.
- Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн тэжээлийн мужид тогтоогдсон хамгаалалтын бүсэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Мон уран” ХХК-д газар олгосон байна. Дотоодын цэргийн хамгаалалт багтдаг, 500 метрээс доошгүй газарт барилга байгууламж барих нь битгийн хэл хүн явахыг ч хориглодог. Гэтэл 30 метр хүрэхгүй газарт газар олголт хийгджээ.

Мөн Гачуур тосгоны ногоон бүс, “Хар усан тохой”-д Нийслэлийн засаг даргын захирамжаар “Бусо”,”Шинэ монгол”, “Монгол шилтгээн” ХХК-д газар олгосон байна. “Аргалан трейд”, иргэн Отгонбаатар, “Ханми” ХХК-д олгосон газар нь Туул голын ариун цэврийн хамгаалалтын бүс, усан хангамжийн дотоод мужид гарсан. “Асгат сервис”, Fly Mongolia, Дэлхийн найдвар олон улсын байгууллага гээд тоочоод баршгүй олон газар байна. Туулын бургасан дахь “Стандарт кэмп” амралтын газар, Гольфийн талбай, хувийн орон сууцны хотхон зэрэг нь Туул голын эх үүсвэрийн бохирдолтод гол нөлөөг үзүүлж байна. Гачуурт руу та нар яваад үзээрэй, Туул голын эргээс 500-гаадхан метр зайд сүүлийн хэдхэн жилд 400 хашаа хатгаад байшин бариад суучихжээ. Хэд хэдэн худгаас нь хүнд металл, нянгийн бохирдол илэрлээ.

Дашрамд дурдахад гүний усны нөөц 1400 жилийн дараа сэргээгддэг. Манай орны усны 70 хувийг гадаргынх буюу гол мөрний, үлдсэн 30 хувийг газрын дорхи ус буюу цэвэр ус эзэлдэг.
- Хоол боловсруулах болон шээсний замын өвчлөлийг 1000 хүнд ногдох байдлаар авч үзэхэд нийт сумдын 22.4 хувьд 301-ээс дээш тохиолдол гарч байна. Үүнийг усны эрдэсжилттэй шууд хамааралтай гэж үзэж болно. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын захын хороолол, нилээд олон сумын төвийн оршин суугчид хүйтний улиралд цас, мөс, дулааны улиралд гол горхи, булагийн бохирдсон усыг ахуйдаа хэрэглэж байна.

3. Агаар

- Нийслэлийн хэмжээнд жилдээ 5.2 сая тонн нүүрс хэрэглэж байгаагаас гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны 3 цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг 400 гаруй халаалтын нам даралтын зуух 80 мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж байгаа нь агаарын бохирдлыг үүсгэгч зонхилох эх үүсвэр болж байна. Судалгаанаас үзэхэд жилд 7.8 сая тонн нүүрсхүчлийн хий (угаарын хий) агаарт цацагдаж байгаа нь тус хотын нэг оршин суугчид 7,8 кг угаарын хий ногдож буйн зэрэгцээ өвлийн улиралд тоос зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,3 дахин, хорт хий 3,1 дахин хэтэрдэг байна. Үүнээс хотын агаарын бохирдолд гэр хорооллын утаа 90 гаруй хувийг эзэлж байгаа гэсэн дүгнэлтийг хийжээ.

Ер нь агаар бохирдуулагч эх үүсвэрүүд жилд 260 мянган тонн хорт бодисыг хотын агаарт цацаж байгаа нь нэг хүнд 317.8 кг хорт бодис ногдож байна.
Өвлийн улиралд угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их болдог.
- Барилгын коллежийн баруун урд байрлах БОЯ-ны харуул дээр
жилийн 4 улиралд агаар дахь азотын хэмжээ маш их байдаг гэсэн судалгаа бий. Иймд жилийн 4 улиралд автомашинаас хорт угаар гарч агаарыг ихээр бохирдуулж байгааг харуулж байна. Саяхан БО-ны яамнаас хийсэн судалгаагаар автомашины яндангаас гарч буй утаанд хар тугалга, зэс, цайрын хүчил их хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоосон. Эдгээр бодисууд бүгд хөрсөнд хаягддаг юм. Тэхээр хүнд металлын хаягдал ямар байгааг тогтоох шаардлагатай байна. Автомашины хөдөлгүүрээс гарч буй утаанаас 270 гаруй төрлийн хорт бодис агаарт цацагддаг гэсэн судалгааг хийсэн.
- Өөр нэг аймшигтай баримт дурдахад, нийслэлд дугуй засварын
газрууд 400-гаад бий. Нам даралтын зуухтай айлууд тэндээс нэг дугуйг 150 төгрөгөөр авч түлдэг. Бас ажилласан тосонд улаан тоосго хийж 2 хонуулаад шатаахад илчтэй байдаг гэж ярьж байна. Энэ бүгдээс хүний биед 1-р зэрэглэлийн хортой бензперин гэдэг бодис ялгардаг.

4. Хог

НИТХ-ын хүсэлтээр Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн тохижилт үйлчилгээний компаниудын үйл ажиллагаанд аудит хийсэн байна.
Аудитын газраас дараах хэдэн чиглэлээр дүгнэлт гаргажээ:

- Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлд авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагын үүргийг тодорхой зааж өгснөөс гадна Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 100 дугаар тушаалаар “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх журам”-ыг баталж, хэрэгжүүлж иржээ.

Энэ журмыг Нийслэлийн замын газраас хэрэгжүүлж, 2004-2005 онд зарим замын арчилгааны ажилд 31.4 сая, цас цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэсэн 48 аж ахуйн нэгжид 49.5 сая төгрөгийг олгожээ.

Гэтэл хотын төвийн замын цас, мөсний цэвэрлэгээний ажлыг гардан гүйцэтгэдэг дүүргүүдийн ТҮК-уудад замын сангаас санхүүжилт олгодоггүй, энэ ажиллагааны зардлыг хог хаягдлын хураамжаас санхүүжүүлж байгаа нь дээрх хуулийг зөрчиж иржээ.

Дээрх байдлаас үзэхэд хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажиллагааны чанарыг сайжруулах, түүнтэй холбогдсон менежментийг боловсронгуй болгох талаархи эрхийн актуудын хэрэгжилт хангалтгүй, түүнийг бодит байдалд хэрэгжүүлэх үйл ажиллагааг журамлаагүй, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг хуулийн дагуу зөв зохион байгуулаагүй зэрэг нь хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажиллагаанд нааштай ахиц гарахад сөргөөр нөлөөлж байна.
- Мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад барилгын хог хаягдалд хийгдсэн албан судалгаа алга байна. Иймд Хот тохижилтын хэлтсийн барилгын ажлыг эрхэлдэг компаниудаас авсан албан бус судалгаагаар өдөрт 82.5тн барилгын хог хаягдал улирлын чанартай гардаг гэснийг үндэслэн тооцоход өдөрт 31 машин рэйс хийхээр гарч байна. Тооцооноос үзэхэд жилд дунджаар 151146 тн хог хаягдал тээвэрлэгдэхгүй үлдэж байна.
- ”Нөөц” компаниас авсан судалгаагаар Улаан чулуутын хогийн цэгт дүүргүүдийн ТҮК-аас 2003 онд 297.7 мян.м3, 2004 онд 307.8 мян.м3, 2005 онд 361.6 мян.м3 хог хаягдал тээвэрлэгдэн очсноор бүртгэгджээ. Гэтэл 2003 онд 135.8 мян.м3, 2004 онд 119.1мян.м3, 2005 онд 89.7 мян.м3 хог хаягдлыг хогийн цэгт очсоноос илүү мэдээлэгдсэн нь өөрөөр хэлбэл, мөнгө төлөгдсөн хогын хэмжээ хогын цэгт буулгаснаас 2 дахин илүү байгаа нь нэг бол хог хаягдлыг зөвшөөрөгдөөгүй газарт хаясан, эсвэл ажлын гүйцэтгэлийг илүү бичиж хөрөнгө шамшигдуулсан байх магадлалтай юм.

Судалгаанаас үзэхэд ил задгай зөвшөөрөгдөөгүй газарт 65492м3 хэмжээний хог хаягдал хуримтлагдсан байна.
- Улаанбаатар хотод барилга байгууламж барих зөвшөөрөлтэй 717 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг, эдгээр барилгын компаниуд өдөрт 82.5 тонн хог хаягдал үүсгэж, өөрсдөө тээвэрлэдэг мэдээтэй байна.

Гэтэл нийслэлийн Хот тохижилтын хэлтсээс авсан мэдээгээр барилгын ажил эрхэлдэг компаниудын 54% нь барилгын хогийг хууль бусаар хаядаг тооцоо гарчээ. Энэ нь барилгын хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд нийслэлийн Хот тохижилтын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар, компаниудын зүгээс тавьдаг ямар ч хяналт байдаггүйтэй холбоотой байна.

Бодит байдалд барилга барих, ашиглалтад авах зөвшөөрлийг Улсын болон НМХГ- аас олгодог бөгөөд эдгээр байгууллагуудад барилга барихад нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэрхэн сүйтгэгдэх, барилгын хог хаягдлаа хаана хаях, орчноо хэрхэн тохижуулах асуудлууд ямарч хамааралгүй байдаг байна.
Өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагууд хог хаягдлын, ногоон байгууламжийн, тохижилтын асуудлыг хот хөгжүүлэх бодлогоос гадуур орхисноос хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах2 баталгаа алдагдаж, хогон дотроос хотоо хайх бэрхшээлийг бий болгожээ.

Барилга барих, ашиглалтад авах ажлын комисст нийслэлийн Хот тохижилтын хэлтэс, дүүргийн ТҮК-аас, орчны оршин суугчдын төлөөлөл оруулж, ногоон байгууламжийн сүйтгэгдлийн хохирлыг төлүүлсэн, орчноо тохижуулсан, хог хаягдлаа тээвэрлэсэн зэрэг асуудлыг нэг мөр шийдэх зайлшгүй шаардлага байна.
- Зарим компаниуд хог хаягдал гардаггүй, төлөх мөнгөгүй гэсэн шалтгаануудаар үйлчилгээний төлбөрийг төлдөггүй, гэр хорооллын өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хогийг тээвэрлэдэггүй байна. Энэ байдал нь ил задгай газар хог хуримтлагдах нөхцлийг бүрдүүлэх эх үүсвэрийг бий болгодог байна. Гэтэл бодит байдалд хог хаягдал гаргадаггүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэж байдаггүй.

Дээрх байдлаас үзэхэд компаниуд хог хаягдлын тээвэрлэлтийн мэдээгээ буруу гаргадаг, зарим эрх зүйн актуудын холбогдох заалтууд зөрчигдсөн, барилгын хог хаягдлын тээвэрлэлт ямарч хяналтгүй, хог хаягдлын хураамж төлдөггүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага зэргээс шалтгаалж ил задгай хог хаягдлын хуримтлал үүсдэг байна.
Компаниудад цуглуулсан, ил задгай газар хуримтлагдсан хог хаягдлаа бүрэн тээвэрлэх боломж бүрдээгүй байна гэж үзжээ.

 


Бичсэн: Chinbat bagsh | цаг: 11:51 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax